ЗОВХИНЫ МЭС ЗАСАЛ

ЗОВХИНЫ МЭС ЗАСАЛ

             Зовхины мэс засал /блефаропластика/  гэдэг нь зовхины харагдах байдлыг сайжруулах зорилгоор дээд, доод зовхи эсвэл хоёуланг нь засах, давхраа хийх  мэс заслыг хэлнэ. Энэхүү мэс заслыг хийлгэснээр таны зовхины илүүдэл арьс, өөхлөг авагдсанаар илүү сэргэлэн цовоо, залуу сайхан харагдах болно

Давхраа хийх

Зовхины  мэс засал надад тохирох уу?

Нүүрний арьс, зөөлөн эд, булчингийн ямар нэг эмгэггүй, дээд доод зовхи, түүний эргэн тойрны харагдах байдлыг зайлшгүй сайжруулах шаардлагатай, насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн бүхэн энэхүү мэс  заслыг хийлгэж болно. Давхраа хийлгэх хүсэлтэй 10-аас дээш насны хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр хийлгэж болно.

Харин та өөрөө зовхины мэс засал хийлгэхээр хатуу шийдсэн байх хэрэгтэй. Хэн нэгний ятгалгаар эсвэл ямар нэг идеал дүр төрхтэй болох зорилгоор мэс засал хийлгэж болохгүй.

Заалт:

  •  Дээд зовхи  өөхлөг ихтэй, бүлцэн, цэлхэрч хавагнасан
  •  Дээд зовхины арьс хэт унжсан, эсвэл давхраа шинээр гаргах хүсэлтэй,  мөн хараанд нөлөөлөх хэмжээгээр зовхины арьс унжсан
  • Доод зовхины арьс үрчлээ их, суларч унжсан
  • Нүдний доор үүссэн уутанцар, өөхлөгийг авах

Зовхины гоо сайхны мэс засал хийлгэгч нь:

  • Эрүүл мэндэд нөлөөлөхүйц хурц өвчин эмгэггүй
  • Тамхи татдаггүй
  • Нүдний ямар нэг ноцтой өвчин эмгэг байхгүй
  •  Харагдах байдлын хувьд мэс заслын заалттай,  сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийн шийдвэр гаргасан байх 

Хэрвээ та дараах өвчинтэй бол зайлшгүй эмчдээ хэлэх шаардлагатай:

  • Глауком, нүд хуурайших, торлог ховхрох зэрэг нүдний эмгэгтэй бол
  •  Бамбай булчирхайн эмгэгтэй бол
  • Зүрх судасны эмгэг, даралт ихсэх болон бусад цусны эргэлтийн эмгэгүүд, чихрийн шижинтэй бол

 Зовхины мэс засалд бэлтгэх нь:

  • Лабораторийн шинжилгээ өгнө. Шаардлагатай бол зарим нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан байх
  •  Мэс засалд бэлтгэж ямар нэг эм тариа хэрэглэхгүй, хэрэглэж буй эм тариагаа хэрхэх талаар асуух
  • Тамхи татахгүй, татдаг бол 7 хоногийн өмнөөс зогсоох,
  •  Аспирин болон цус шингэлэх эм уухгүй байх
I үе шат – Мэдээ алдуулалт 

Мэс засал хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийгдэнэ

II үе шат  – Зүслэг

Зовхины натурал төрхийг алдагдуулахгүйгээр, арьсны ширхэг дагуу, зовхины унжилтаас хамаарч зүслэг хийнэ

III үе шат  – Шарх хаах

 Шархыг хайлдаггүй утсаар оёж, оёдлыг авна. Илүү үр дүнтэй болгохын тулд мэс засалч тань лазер, хуулалт хийж болно

IV үе шат -  Мэс заслын ойрын болон алсын үр дүн Мэс заслын дараа дээд доод зовхи хавдаж, улайсан байх ба энэ байдал аажим засарсаар 14-21 хоногийн дараа хаван бүрэн бууна. Эхний үед сорви хатуу улаан байна. 3-6 сарын хугацаанд бүрэн зөөлөрнө

Зовхины мэс заслын дараах халгаат хүчин зүйлс, анхаарах зүйлс:
  • Эхэн үедээ сорви хатуу эвгүй харагдана
  • Салст хавагнаснаас хараа буурах, нүд бүрэлзэх шинж тэмдэг эхний 2 долоо хоногт тохиолдож болзошгүй.
  • Нүд хуурайших
  • Нүдээ анихад хэцүү байх
  • Зовхины ирмэг суларч эргэсэн мэт болох /доод зовхинд/
  • Сормуусны ирмэг гадагш эргэх
  • Цус хурах, цусны бүлэн үүсэх
  • Шарх үрэвсэх, эдгэрэлт удаашрах
  • Шингэн хурж, хавагнах
  • Зовхины эргэн тойрны арьсны өнгөц мэдрэхүй алдагдах
  • Мэдээ алдуулалттай холбоотой гарч болзошгүй хүндрэлүүд
  • Өвдөлт
Зовхины мэс заслын явц, эдгэрэлт:
  • Давхраа болон дээд, доод зовхины мэс засал нь хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийгдэнэ.
  • Мэс засал 1-3 цаг үргэлжилнэ.
  • Мэс заслын дараа эхний 3-4 хоногт зовхи хавагнаж, 5 дахь хоногоос хаван аажим буурна. 
  • Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна.
  • Шархны эдгэрэлт 7-14 хоног
  • Сорви зөөлөрч зовхи бүрэн эдгэрэх хугацаа 1 жил